Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Үндэсний их баяр наадам

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 737

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Сайхан сумын баяр наадам 2017  оны 07 дугаар сарын 08-09 –ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.


           Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа сумын төр, төсөв, хувийн хэвшлийн 20 гаруй ААНБ-ын 350 гаруй ажилтан албан хаагчдын баярын жагсаалаар эхэллээ. Нээлтийн туг залах үйл ажиллагаанд сумын иргэдийн төлөөлөл сумын өндөр настан Д.Сэдэд, МУ-ын гавьяат барилгачин Ц.Сампилноров, Таеквондогийн шилдэг тамирчин Т.Билэгсайхан, шилдэг оюунлаг даамчин сурагчид болох А.Түшигбаяр, Х.Өнөмөнх нар оролцож Сайхан сумын Засаг дарга О.Буянаа баяр наадмыг нээн үг хэллээ. 
Баяр наадмын үеэр Төрийн өндөр шагнал болох “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Ж.Циеэнхүү, Б.Ширчинжав, “Алтан гадас” одонгоор Б.Замбалгарав, М.Энхтуяа, М.Хишигсүрэн, Ц.Тунгалаг, М.Басан, Э.Дэлгэртуяа, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Б.Буян нар шагнагдсаныг Сайхан сумын Засаг дарга О.Буянаа, ИТХ-ын дарга Л.Ганбаатар нар гардуулан өглөө. 
Сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 64 бөх хүч үзэн барилдаж 5-ын даваанд сумын начин О.Төрбат, аймгийн харцага Ж.Мандахбаяр, н.Баатар нар үлдэж сумын начин О.Төрбат түрүүлэн “СУМЫН ЗААН” цол хүртэж, аймгийн харцага Ж.Мандахбаяр үзүүрлэлээ. Залуу бөхчүүдэд цол олгох шигшээ 16 бөхийн барилдаанд сумын начин Я.Тамир түрүүлж “СУМЫН ЗААН” цол, залуу бөх Г.Оргилсайхан үзүүрлэж сумын “СУМЫН НАЧИН” цолыг тус тус хүртлээ. Ийнхүү Сайхан сумын баяр наадмаас Заан цолтон 2, Начин цолтон 1 төрөн гарлаа.


          Өсвөрийн 6-8 насны барилдаанд 16 бөх зодоглож Д.Бүрэнбат түрүүлж, Д.Энххүслэн үзүүрлэсэн бол 11-13 насны барилдаанд мөн 16 бөх зодоглож Н.Чин-Эрдэнэ түрүүлж Б.Энхтөгөлдөр үзүүрлэв. 14-16 насны өсвөрийн барилдаанд Б.Дөлгөөн түрүүлж, Э.Ихбаяр үзүүрлэн хурд хүч уран мэхээ уралдууллаа. 
 

           Сумын баяр наадмын Үндэсний сурын харваанд нийт 12 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж М.Дархатулга тэргүүн байр, М.Энхтулга дэд байр, Т.Мөнх-Эрдэнэ гутгаар байр эзэллээ. Мөн хүүхдийн сурын харваанд эрэгтэйчүүдийн төрөлд Б.Мөнх-Эрдэнэ тэргүүн байр, Б.Өсөхбаяр дэд байр, М.Анударь гутгаар байранд шалгарсан бол эмэгтэй төрөлд М.Наранчимэг тэргүүн байр, Э.Эрдэнэчимэг дэд байр, О.Дэлгэрмаа гутгаар байранд тус тус шалгарлаа. 
             Сумын баяр наадмын гар бөмбөгийн тэмцээнд Лхагва ахлагчтай баг түрүүлж, Э.Мөнхбагана ахлагчтай баг 2-р байранд шалгарлаа.
 

           Үндэсний шагайн харвааны тэмцээнд нийт 6 багийн 50 гаруй харваачид оролцож багийн харвааны төрөлд Батбаатар ахлагчтай баг тэргүүлж, Аюушбаатар ахлагчтай баг 2-р байр,Пүрэвдорж ахлагчтай баг 3-р байрт тус тус шалгарсан бөгөөд цуваа харвааны төрөлд н.Отгонбаатар тэргүүн байр, н.Хатанбаатар дэд байруудыг тус тус эзэллээ. 
Сумын баяр наадмын хурдан морины уралдааны

-        АЗАРГА-ны уралдаанд Сайхан сумын уяач С.Хүрэлхуягийн хул азарга магнайлж, Сайхан сумын Д.Батбуянгийн зээрд, Баруунбүрэн сумын Д.Цогдоржийн цоохор, Сайхан сумын Ш.Балдандоржийн бор, Орхонтуул сумын А.Гантогтохын Сартай хүрэн зүсмийн морьд айрагдлаа. 
Хурдан

-       ИХ НАС-ны морьдын уралдааны түрүүд Сайхан сумын С.Хүрэлбаатарын хээр магнайлж, Сайхан сумын Х.Юүндэнгийн магнай хүрэн, Орхон сумын Баатарын хул, Сайхан сумын С.Хүрэлхуягийн хар, А.Орхонбаатарын хар тус тус айрагдлаа.
 

-       СОЁОЛОН-ийн түрүү магнайд Орхон сумын иргэн Б.Батхишигийн хээр магнайлж, Д.Зоригтын хонгор, Э.Ганчулууны хээр, Б.Баянмөнхийн саарал, С.Хүрэлхуягийн буурал тус тус айрагдлаа. 
 

-       ХЯЗААЛАН насны морьдын уралдаанд Г.Одгэрэлийн хүрэн түрүүлж, Орхонтуул сумын А.Гантогтохын хээр, Сайхан сумын Х.Өсөхтамирын халтар, Орхон сумын Б.Батсайханы хул, Сайхан сумын Л.Алтанхуягийн халзан тус тус айрагдлаа. 
 

-       ШҮДЛЭН насны морьдын уралдаанд Баруунбүрэн сумын Т.Лхагвадоржийн хул магнайлж, Сайхан сумын С.Даваадоржийн сартай хонгор, Баруунбүрэн сумын И.Васягийн Сартай хээр, Орхонтуул сумын Б.Чинболдын жижиг зээрд, Орхон сумын Б.Ууганболдын хээр морьд тус тус айрагдлаа. 
 

-       ДААГА насны морьдын уралдаанд Баруунбүрэн сумын А.Гантогтохын хар магнайлж, Орхон сумын Г.Бямбасүрэнгийн Бор халзан, Баруунбүрэн сумын Ц.Ганбатын хул, Орхон сумын Б.Одхүүгийн хар, Орхон сумын Б.Мөнхөөгийн хүрэн халзан тус тус айрагдлаа. Дааганы уралдааны энэ жилийн баян ходоод Орхон сумын О.Цасбаатарын хул даага боллоо. 


            Ийнхүү Монгол түмний эв нэгдэл, Төрт ёсны бэлэгдэл Үндэсний Их Баяр наадмыг Сайханчууд бид ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. 
Баяр наадмын бэлтгэл, зохион байгуулалтын үйл ажиллагаанд байгууллага, хамт олноороо идэвхтэй оролцсон, дэмжсэн аж ахуйн нэгж, байгууллагууд, ард иргэддээ баярласан талархсанаа илэрхийлсэн байна.